Ангилал: Монгол гүнж
Бидний өвөг дээдэс тэр дундаа Монгол хатад эр хүнээс дутахааргүй ямар тэвчээр хатуужилтай байсныг түүх гэрчилнэ. Мэдээж 13-14-р зууны үед нийгэм өөр байсан. Тиймээс ийм байх нь аргагүй гэж хэлж болох. Гэвч бид өнгөрсөн үеэсээ сургамж авч, одоо үедээ дүгнэлт хийн, ирээдүйгээ төлөвлөн энэ гурван үеийг цогцлуулан амьдрах хэрэгтэй. Тиймээс Монгол хатад ямар үүрэг гүйцэтгэдэг байсан, тэдний тэвчээр хатуужлыг шалгасан ямар олон зүйл байдаг, тэр болгоныг хэрхэн давж гардаг байсан талаар түүхэн мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорьлоо.
Хатан гэдэг үг нь цэцэн хэрсүү-хатан ухаан, үзэсгэлэн гоо, элбэрэл-нинжин сэтгэл, эрхэмсэг, дайчин зориг, урвашгүй үнэнч сэтгэл, дээд язгуур гэсэн олон утга санааг илэрхийлдэг ажээ. Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсгасан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ , садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнэ Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол Цагаан, Самар Гүнж, Мандухай Сэцэн Хатан гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг. Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, Чингис хаан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ. “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр л үлджээ. Чингис хаан 4 хүү, 6 (7?) охинтой байсан. Охидын нэрс : 1. Хожин. 2. Алага. 3. Алалтун. 4. Цэцэйхэн. 5. Түмэлүн. 6. Толой. Хөвгүүдийн нэрс : 1. Зүчи. 2.Цагаадай. 3. Өгэдэй. 4. Тулуй. Чингис Хааны охид “Бэхи” гэмээх ханхүү, гүнж нарыг эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байсан. Урьд нь “Бэхи” нэрийг ихэвчлэн хүчирхэг эрчүүдэд өгдөг байжээ.
Чингис Хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улсуудаа хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Чингис хаан хөвгүүдээ, архи уухдаа гаргуун, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар таарууг мэдээд, хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг “Эмэгтэйчүүдэд” ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нилээд чухал хэсгийг үлдээжээ. Чингис Хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нилээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь аривжих тусам улам нэмэгдэж байв. Чингис Хааны 3 охин ойр холбоотой аймгуудад нь бэр болж, энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцаа холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад 4 охин нь Монголоос гадагш хөрш зэргэлдээ улс оронд очиж, илүү хүнд бэрх үүрэг хүлээсэн юм.
Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймаалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлттэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм. Тэгвэл 21-р зууны охид бүсгүйчүүд юу хийж байна вэ? . Тэр цагийг бодоход орчин үед бүх юм илүү амар хялбар болсон нь мэдээж. Түүхийн бүхий л цаг үед эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр байжээ. Тиймээс одоо ч гэсэн эрчүүдээс эмэгтэйчүүд илүү гэдгээ харуулж удирдагч манлайлагч байх хэрэгтэй байна.